Дубайд гацсан Оросын жуулчид буудлаасаа хар түрс нэхжээ
Москва руу үйлдэх “Emirates” компанийн нислэг тодорхойгүй хугацаагаар саатаад байна. © Altaf Qadri/AP/Scanpix/LETA

Дубайд гацсан Оросын жуулчид буудлаасаа хар түрс нэхжээ


   Ойрхи Дорнодод мөргөлдөөн ширүүссэний улмаас Арабын Нэгдсэн Эмират улсад саатаад буй Оросын жуулчид зарим хачирхалтай шаардлагыг тавьж байгаа талаар Дубай хот дахь ОХУ-ын ерөнхий консул Максим Владимиров “Комсомольская правда” сонины сурвалжлагчид өчигдөр ярьжээ. Аргагүй нөхцөл байдлын улмаас таван одтой зочид буудлаас гурван одтой буудалд шилжээд буй жуулчид “Гурван одтой бясааны үүрэнд нойргүй хонож байна” хэмээн гомдоллосныг ерөнхий консул эш татсан байна. Хэрэг дээрээ тэднийг ийм зочид буудалд онцгой нөхцөл байдлын улмаас тусгай зохион байгуулалтаар түр зуур үнэгүй байрлуулж байгааг М.Владимиров  дурджээ. Мөн түүний хэлснээр зарим жуулчин зочид буудлын бүрэн хэмжээний үйлчилгээ, тэр дундаа хар түрс, хавчны мах бүхий буфет хоол өгөхийг шаардсан гэнэ. Гэхдээ жуулчид бүгд ийм шаардлага тавиагүй, ихэнх нь нөхцөл байдлыг ойлгон тайван хандаж байгааг консул тэмдэглэжээ.

   Ираны нисэгчгүй онгоцны халдлагаас шалтгаалан Дубайн олон улсын нисэх буудалд ОХУ-ын жуулчид хэдэн арваараа саатаад буйг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. “Emirates” компанийн Москва руу үйлдэх нислэг тодорхойгүй хугацаагаар саатаад байгаа бөгөөд нисэх буудлын орчинд шатахуун шатаж, их хэмжээний утаа үзэгдэж буй гэнэ. Дубайгаар дамжин нисэхээр Индонезийн Бали арлаас ирсэн жуулчдыг өчигдөр онгоцны буудал руу явах замд нь буцаан “Coral Dubai” буудалд хүргэсэн байна. 17-ны өдрийн үдээс хойших байдлаар тэд буудлын хүлээн авахын дэргэд өнжсөн аж. Мөн Дубайн олон улсын нисэх буудалд хэд хэдэн бүлэг орос жуулчин тодорхойгүй байдалд байгааг “Telegram” сүлжээн дэх SHOT суваг мэдээлжээ. Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг албаны хүмүүс ч хэлж мэдэхгүй байгаа бөгөөд 16-ны өдөр Ираны дронууд уг нисэх буудалд халдсаны дараа буудлын удирдлага бүх нислэгийг зогсоосон юм.     


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.